Sunday, June 12, 2011

Хар нуур


Хар нуур 574,8 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд өргөний
хамгийн их 23,6 километр, дундаж өргөн 15,7 километр, хамгийн их урт нь
36,8 километр юм. Хар нуурын эрэг маш жигд биш зарим газар хушуу хойг
түрж орсон байхад зарим газарт 5-6 метр өндөр эрэгтэй ба цөлийн байдал
бүрэн ноёрхоно. Ялангуяа нуурын зүүн талд гуравдагч галавын үеийн нуурын
зузаан хурдас усны цалгианд цохигдон 6 метр өндөр эрэг үүсгэжээ.

Харин баруун болон баруун хойт талд Гэзэг сайхан, Гэзэг Хайрхан,
Чандмань, Таван Хар зэрэг уул толгод Чоно Харайхын гол хүртэл үргэлжлээд
Хар-ус нуурыг Хар нуураас тусгаарлана. Эдгээр уул толгод ургамалгүй
нүцгэн, хоёр бэлд нь эртний нуурын далан тод үзэгдэнэ. Чоно-Харайх голын
адаг, Шувуун арал гэдэг урт хушуу, Хомын хоолой хавьд маш өтгөн нишингэ
ургаж эргийн хэсгийг намагжуулна. 1132 м үнэмлэх өндөрт орших Хар нуур,
Хар ус нуураас талбайгаар бага мөртлөө арай гүнзгий юм. Хамгийн их гүн
төвдөө 6,6 метрт хүрэх ба дундаж гүн 4,2 метр, бүх усны нөөц 2,422 шоо
дөрвөлжин километр болно. Нуурын гүнээс усны нөөц ихээхэн шалтгаалдаг
байна. Үүнд 2 метрийн гүнийн талбай 474,4 хавтгай дөрвөлжин километр,
усны эзлэхүүн 1,372 шоо километр, 4,0 метрийн гүнийн талбай 145,6
хавтгай дөрвөлжин км, усны эзлэхүүн 0,537 шоо километр, 6 метрийн гүний
талбай 145,6 хавтгай дөрвөлжин, усны эзлэхүүн 0,0507 шоо километр тус
тус байна.

Эргийн шугамын урт 158,4 километр (коэффициент -1,87) байгаа нь
харьцангуй бага хэрчигдсэнийг харуулна. Усны гуримын хувьд Хар ус
нууртай ойролцоо бөгөөд түвшний жилийн хэлбэлзлэл нь үндсэн тэжээл болох
хур бороо, гадаргын урсцаас шалтгаална.

Хар нуурт Хар ус нуурын илүүдэл ус Чоно-Харайхын голоор ирж өөрийн
илүүдэл усаа ууршуулахын хамт нэг хэсгийг Хомын хоолойгоор Дөргөн нуурт,
нөгөө хэсгийг Татхан-Тээлийн голоор Завхан голд өгдөг учраас урсгал нуур
болно. Хар нуураас гадагш урсах 12 километр урт Татхан-Тээлийн гол
зөвхөн Хар нуурын илүүдэл усыг төдийгүй Хар ус нуур болон Ховд голын
системд хамрагдах Монгол Алтайн бүх гол горхи нуурын усыг Хяргас нуур
руу дамжуулах ганц суваг болно. Н. Т. Кузенцовын (51) тэмдэглэснээр энэ
сувгаар Ховд голын жилийн бүх урсцын дөнгөж 6-7% нь урсдаг байна. Гэтэл
их нууруудын хотгорт ирэх Ховд голын урсцын 90 гаруй хувь нь Хар-ус, Хар
нуур, Дөргөн нууруудын гадаргаас урагшилдаг ажээ. Нуурын ус зуны улиралд
өнгөндөө 20-25° халах ба булингар ихсэж тунгалагшилт (1,0 /м) /буурна.
Харин өвлийн улиралд усны температур өнгөндөө 1-2 градус, ёроолдоо 3-5°
дулаан байна. Энэ үед ургамал амьтдын идэвхтэй амьдрал зогсч тундасжих
учраас усны тунгалагшилт 3-4 метр болно.

Хар-ус нуурын нэг адил 10-р сарын сүүлчээр хөлдөж мөс нь 4-р сард гэсэж
унана. Унахын өмнө голын тошин хальж хэврэг болгодог. Мөсний зузаан
90-115 /см /хүрнэ. Өвөл дунд хүчтэй шуурах учраас мөсөн дээр цас бараг
тогтохгүй ямагт гөлөөн мөс гялалзаж уур амьс-галын эрс тэс байдлаас
хагарч ан цав, хар цагаан хил үүснэ. Нуурын ёроол жигд тэгшивтэр, дундаж
налуу 0,0011, нуурын литорал хэсэгт хар замаг зэрэг усны ургамал ургах
ба цайвар өнгөтэй лаг наанги шавар (хүхэр ус төрөгчийн сулавтар үнэртэй)
ёроолын ихэнхийг хучна. Хар нуурын ус цэнгэг юм. 1 литр усан дахь хуурай
үлдэгдэл 255 /мг /(51) орчим ба усны хатуулаг нь Хар-Ус нуурынхаас арай
илүү юм.

Мэдээллийн эх үүсвэр: http://www.travelnews.mn/